Tuesday, October 20, 2009

Дэлхийг шуугиулсан таавар

Нэлээд хэдэн жилийн өмнө аавын маань найз манайд ирж билээ. Тэр хүний ярьсан зүйлс надад их л сонирхолтой санагдаж байсан. Тэр хүн 1970 хэдэн оны үед Зүүнбаянгийн цэргийн ангид алба хаажээ. Тухайн үед цэргийн алба гурван жил байсан гэдэг. Тэрээр гурван жил алба хаахдаа малчин цэрэг болсон байна. Малчин цэрэг байсан учраас ойр хавийн айлуудаа таньдаг, зарим нэгтэй нь ах дүүс нь юм шиг ойр дотно болжээ.
Цэргийн албыг хоёр дахь жилдээ хааж байх үед нь тэр нутгийнхны дунд нэг хачин жигтэй яриа өрнөх болжээ.
Тэр нь манай дэлхий Икар гаригтай мөргөлдөж, дэлхий сөнөнө гэсэн ам дамжсан яриа байв. Дэлхий гариг хоёрын мөргөлдөх хоногийг хуруу даран тоолж, дэлхий сөнөнө гэсэн яриа тэр нутгаар нэг тархах болж. Зөвхөн тэр нутаг ч биш, монгол даяараа тэгэж шуугиж байсан юм билээ. Маргааш дэлхий сөнөнө гэж хүмүүс аль л гоё сайхан хувцсаа өмсөж, архи уух нь ууж, уйлах нь уйлж байсан гэдэг. Тэр ч бүү хэл айлын эхнэрүүд үнээ малаа саалгүй дураар нь тавьж явуулжээ. Айлууд малаа хашихаа больж, өвгөд хөгшид нэг ч гэсэн өдөр дураараа яваг гэж хүүхдүүддээ лүндэн буулгаж байсан аж. Зарим нэгэн нь өндөрхөн уул бараадаж хононо гэж уулын оройд гарч сууж байсан талаар ярив. Цэрэг байсан болохоор малаа гаргуунд нь орхиж чадалгүй, урьдын адил хашихыг нь хашиж, уяхыг нь уяад унтаж гэнэ. Тэгэхдээ хэрвээ дэлхий сөнөчихвөл… гэсэн бодол толгойд нь эргэлдэж байжээ. Хажуудах нэгийгээ айлгачих вий гэсэндээ энэ талаар юу ч ярилгүй унтахаар хэвтсэн аж. «Тэр шөнийн урт байсныг яана. Юм юм бодогдоод бас л эвгүй юм билээ шүү» гэж ярьж билээ. Мэдээж маргааш гэдэг болдгоороо болж, дэлхий сөнөсөнгүй. Айлын яндангаар утаа бургилан эхнэрүүд үнээ малдаа явж харагджээ. Хураасан цагаан идээгээ идэж, архиа уучихсан тэр хэдэн өдөр энэ нутгийнханд айдас, инээд дагуулсан дурсамж болон үлдсэн тухай хожим нь ярьж байсан юм.

Гэтэл сүүлийн үед үүнтэй адил нэг яриа чих дэлсэх болжээ. Энэ нь 2012 онд галав юүлж, дэлхий сөнөнө гэсэн яриа. Жаахан хүүхэд айлгаж байгаа мэт санагдах ч өдгөө дэлхий нийтэд анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Галав юүлэх гэдгийг толь бичигт хамаг юм үгүй болох хэмээн ерөнхийд нь тайлбарлажээ. Мөн газар дэлхий цогцлон тогтсон эрт цагийн амьтан, ургамал бүхий тунамал чулуулгийн нас, цэрдийн галав, мөсөн галав гэх мэт байдаг гэжээ. Дэлхий дахины эрдэмтэд галав юүлэх талаар өөр өөрийн санал, таамаглалаа дэвшүүлсээр байна. Зарим нэг нь 2012 онд нэгэн шинэ эрэн эхэлнэ гэсэн байхад зарим нь Хойд мөсөн далай хайлж, дэлхийд ганц ч амьтан ургамал үлдэхгүй хэмээжээ. Дэлхий ертөнц сөнөх талаар нэрт зөнч Нострадамус өгүүлэхдээ «Дэлхийн төгсгөл ойртох тусам цөлжилт бий болно» гэжээ. Энэ зөн үнэн бол сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль цаг уурын үзэгдэл нэн тулгамдсан асуудлын нэг болсоор байна. XX зуунд дэлхийн гадаргын дулаан 0.6 градусаар нэмэгдсэн бол XXI дүгээр зуунд 1.4-5.8 градусаар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь цөлжилт өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг гэрчилж байна. Дэлхийн дулаарлын дундаж ердөө хоёр хэмээр нэмэгдэхэд усан галав юүлэх түвшинд хүрнэ гэж экологийн эрдэмтэд тэмдэглэжээ.

Дэлхийн олон оронд галав юүлэх, дэлхий сөнөх талаар бичсэн домоглол, шашны сургаалиуд байдаг. Эдгээрийн ихэнх нь хүн төрөлхтөнд гай тотгор нүүрлэж, дэлхийд аймшигт сүйрэл болно. Тэр үед тэр бурхан ирж биднийг аварна гэсэн байх нь олонтаа. Жишээ нь: «Галав юүлж, дэлхий сөнөх» талаар Бурхан багшийн номлосон ирээдүй цагийг зөгнөсөн «Зул» хэмээх эх хөлгөн сударт өгүүлжээ. Энэхүү судрыг уншиж тахиваас хүмүүний толгой дээр буух гай түйтгэр хилэнцийн хугацаа багасч, хойд төрөлдөө сайн төрлийг олж төрнө гэжээ. Сударт «Хүмүүний орон тэр аяараа элсээр хучигдана» гэсэн байна. Энэ нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа цөлжилтийг хэлсэн байх магадлалтай ажээ. «Зул» сударт хүмүүний оронд цусан хоолоор дүүрэх, тариалан аж төрөхөө өөрөө авахгүй, хүмүүнд өвчин зовлон маш ихээр тархах, замд явах хүн үл үзэгдэх, хаан гүрэнд орон байр, газар нутаг хоосрох, араатнууд хүний хүүрийг идэх ч үгүй, хайхрахгүй явах зэрэг ишлэл байна. Энэ нь бас л дэлхий сүйрэх гэсэн утгатай ажээ. Галав юүлж, дэлхий сүйрэх цагт хүн төрөлхтөний нүднээс нулимс бус цус гарахын цагт огторгуйн төвөөс Майдар бурхан гарч ирнэ хэмээсэн байна.

Тэгвэл Халх удган Уртаагийн нэгэн онгод 2008 оны наймдугаар сарын эхээр «Газар дэлхий донсолсон гай гамшиг гарна. Харийн улсад юм уу гэтэл хажуу дэргэд байна. Дэлхий хагарч дэв босох нь байна. Хуй салхи хуйлран эргэж, хурсан олонд гамшиг тарих нь. Бага багаар давалгаалж буй нь бай нь ойртсоны шинж» гэж хэлсэн талаар сэтгүүлч Б. Галаарид нэгэн нийтлэлдээ өгүүлжээ. Тэрээр хэдийд гэдэгт хариу өгөөгүй хэмээсэн байна. Орон орны судар ном, шашин шүтлэгт энэ талаар өгүүлсэн байх нь элбэг.

Тэгвэл шинжлэх ухаанд 2012 оны 12 дугаар сарын 21-нд дэлхийн туйл солигдох магадлалтай гэж зарим эрдэмтэд өгүүлжээ. Энэ өдөр Дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ гэсэн байна. Тэгэхээр энэхүү тэг цэгийн зогсолт 2012 оны 12 сарын 21-нд болно гэж хэсэг эрдэмтэд үзэж байна. Энэ өдөр Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугамд жагсана гэдгийг шинжлэх ухаан нотлоод байна. 2012 оны 12 сарын 21-нд зөвхөн нарны аймгийн гаригууд төдийгүй бусад оддын систем ч бас Галактикийн төвөөс шугам үүсгэн жагсах юм байна. Үүнийг дэлхий ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг хэмээн тайлбарлах хүн ч байгаа юм. Тэгэхээр 2012 онд галав юүлж, дэлхий сөнөх, гариг эрхэст ямар нэгэн өөрчлөлт орох эсэх нь бас л таавар хэвээр байна.

No comments:

Post a Comment