МЗЭ-ийн болон Д Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Цэнджавын «Чонын алтан шагай « номын хоёр дахь хэвлэл «Интер ном» номын их дэлгүүрт нээлтээ хийлээ.
Уг роман нь арван жилийн өмнө «Өнөөдөр» сонинд нийтлэгдэж олон зуун уншигчдийг байлдан дагуулж байсан. Уншигчдын хүсэлтээр дахин хэвлэж богино хугацаанд борлогдон тухайн цагтаа «Best saller» болж байв. Энэ номыг «Сэлэнгэ пресс» хэвлэлийн газраас уншигчдын дунд судалгаа явуулж ийнхүү дахин хэвлэж байгаа юм.
Номын зохиогч Д. Цэнджавтай уулзаж дараах мэдээллийг тодруулсан юм.
Та номныхоо талаар уншигчдад сонирхуулахгүй юу?
«Чонын алтан шагай» роман маань гарснаасаа хойш уншигчдын анхаарлыг нэлээд татсан. Уншигчид орчин үеийн сонирхолтой сэдвийг хүлээж байжээ гэдгийг мэдэрсэн. Үнэндээ нэлээд эрэл хайгуул хийсэн л дээ. Үүний үр дүнд зохиолын гол баатраа, зохиомжоо олсон. Зохиол гарсан өдрөөсөө эхлээд кино найруулагчдын анхаарлыг татаж байх шиг байна. Зохиолоор маань кино хийе гэж хэд хэдэн найруулагч надтай уулзлаа. Сая «Соёмбо» кино театрын захирал Нямдорж санал тавиад байна. Энэ нь биелэвэл роман маань кино болох байхаа.
-Та монгол ахуйг их бичдэг яагаад орчин үеийн сэдвийг сонгох болов?
-Тийм ээ, би монгол хүн, монгол ёс заншил, түүх соёлыг ихэд сонирхдог. Олон жилийн судалгаа, мэдсэн сурсан бүхнээ ирээдүй хойчдоо үлдээчих юмсан гэж боддог. Зохиолч хүн үргэлж өөрчлөгдөж байхгүй бол өөрийгөө давтаж эхэлдэг. Тийм аюулаас сэрэмжлэхийн тулд орчин үеийн сэдвийг шүүрч авсан л даа. Түүний зэрэгцээгээр би өөрийгөө сорьж үзэж байгаа юм. Орчин үеийн сэдвээр бичвэл яах нь вэ гэж.
-10 жилийн өмнө хэвлэгдэж байснаасаа таны роман хэр өөрчлөгдсөн бол?
-Үнэхээр их өөрчлөгдсөн. Бүхэл бүтэн хоёрдугаар дэвтрийг нэмсэн. Бас өчигдрийн ухаанаас өнөөдрийн ухаан дээр юм байна. Үүнийг нэлээд чамбай болсон гэж бодож байгаа шүү.
-Зохиолынхоо санааг анх яаж олов?
-Нэг хүн надад яг ийм амьдралыг ярьсан. Маш сайхан амьдардаг хос хоёр байж. Тэгтэл нөхөр нь амь үрэгдсэн. Тэгээд хүү нь аавыг алсан хүнийг том болоод заавал олно гэж ярьсан байгаа юм. Үүнээс л анх санаагаа олсон доо.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment