Намрын шаргал өдрүүд хаалга тогшилгүй, хэнээс ч асуулгүй зоргоороо ирсэн болохоор навчис гундан хөлөөр нэг хөглөрч миний Улаанбаатарын намар сайхнаараа л байна. Навчсын сэрчигнэх дууг сонсон бодол болон алхах завгүй тул ажил гэр хоёрынхоо хооронд давхисаар байдаг л нэг намартай золгожээ.
Бас байдаг л нэг сонгууль болж байна. Нэр дэвшигчид өөрсдийгөө магтаж, намууд нь хоорондоо талцан уралцдаг нөгөө л танил сонгууль. Залхлаа гээд ч яахав заавал болох ёстойгоос хойш тэгэсхийгээд дуусч л таарна. Гэтэл энэ удаагийн сонгууль эхлэв үү үгүй юу энэ залуу халуун насыг минь элдвээр харааж зүхлээ. Учир нь МАХН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтын нас дэндүү залуу байна гэнээ. Боловсрол мэдлэг нь болж байна, харин залуу байгаа нь буруу гэцгээж байна. Ажиглаад байхад залуу халуун бүхнийг үгийн илдээр хайр найргүй сийчиж амтай болгон зоргоороо элдвлэдэг муухай зуршил тогтчих гээд байх тул харин миний залуу нас эмнэг адуу мэт цамнаж үгээ хэлэхээр үзгээ шүүрлээ. Хамгаас түрүүнд яруу найрагч
… Залуу юмдаа алдах л байлгүй гэж
Занаж анаж хэн нэг нь дэмий үг чулуудна
Заамдаж аваад дайсныгаа гэнэт өрөвдөх мэт
Зайгуул энэ үгийг нь тэгтлээ би үл тооно.
Хоосон магтаалд шувуу шиг хөөрч
Хорын хар үгэнд цэцэг шиг гундавч
Хоргой дээл өнгөний алинд нь ч үл дарагдах
Хорин хэдэн нас минь түр хүлээ, жаахан хүлээ
Сүй тавьсан бөгж шиг мөнгөн тойрог сарны дор
Сүү амтагдсан хаврын тэнгэр шиг залуу насаа
Амтай болгонд муу хэлүүлж бардаггүй хөөрхий залуу насаа
Алив, амьтай бүхнээс өмгөөлье гэсиймаа хэмээн омог төгөлдөр хэлсэн шүлэг санаанд минь буулаа. Тиймээ, амтай болгонд зануулж ануулж байдаг залуу нас биднийх. Бас сүү амтагдсан хаврын тэнгэр шиг залуу настай бүхэн энэ Монгол улсын төлөө үр хүүхэд хань ижлээ мартах шахан ачааны хүндийг үүрч бас тэгээд амны зугаа болж яваа манай үеийнхэн сонс. Энэ Монголыг өнөөдөр залуучууд авч яваа. Худлаа гээч. Дэлхийн тавцанд олимпийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаандаа хацраа наан уйлж зогссон олимпын баатрууд маань дөнгөж 30 нас давж байна. Найдангийн Түвшинбаяр,Энхбатын Бадар-Ууган, Пүрэвдоржийн Сэрдамба, Отрядын Гүндэгмаа, Хашбаатарын Цагаанбаатар маань олимпийн дэвжээг гоёж, бид тэднээрээ гоёж Сүхбаатарын талбайдаа тэврэлдэн уйлж уухай хашгирч зогсоогүй гэж үү. Энэ цэл залуухан баатрууд бидний бахархал, нэрийн хуудас минь биш юм уу. Ихэмсэг бардам Америкийн сонгодог урлагийг бишрүүлж яваа балетчин Алтанхуяг холын Японы сумогийн дэвжээнд эзэн сууж хорин дөрвөн удаа түрүүлж буй их аварга Дагвадорж маань 30 хүрч амжаагүй л байгаа шүү.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment