Wednesday, October 21, 2009

Саран дээр ус байгаа шинэ нотолгоо олдлоо

Сарны тойрог замд байрлаж байгаа Энэтхэгийн сансрын аппарат дэлхийн дагуул гариг дээр ус байж болох шинэ нотолгоо олжээ.




“Чандраян-1” аппаратад байрлуулсан Америкийн төхөөрөмж сарны нийт гадарга дээр усны химийн шинж тэмдэг байгааг илрүүлсэн байна. Ялангуяа хоёр туйлд нь илүү нягтаршилтай байгааг тогтоожээ. Хэдийгээр сарны гадаргуу дэлхийн ямар ч цөлөөс илүү хуурайшилтай ч эрдэмтэд хэзээ нэгэн цагт энд хүн амьдрахад усаар бүрэн хангах боломжтой болно гэж үзэж байна.



“Бид саран дээрх усны талаар ярихдаа нуур, тэнгис ч юм уу бүр жижигхэн шалбаагны тухай яриагүй” гэдгийг Род-Айленд дахь Брауны их сургуулийн эрдэмтэн Карл Питерс мэдэгдээд “Саран дээрх ус гэдэг нь гадаргуу дээрх тоос болон чулуулгын молекултай харилцан үйлчлэлд орж байдаг усны молекул, гидроксил юм” гэжээ. Нарнаас ирж буй устөрөгчийн атомын шуурга сарны гадаргуу дээрх хүчилтөрөгчтэй нэгдсэнээр ус үүссэн байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна.

Харин Гавайн их сургуулийн эрдэмтэн Пола Люси сарны нарийн судлагдаагүй бүсүүдэд илүү чийглэг орчин байж болно гэжээ. Өмнө нь нарны гэрэл хэзээ ч тусч байгаагүй сарны тогоонуудаас мөс илрүүлж байсан. Эрдэмтэд үүнийг сүүлт од авчирсан байх магадлалтай гэж үздэг. Дараагийн сард НАСА сарны гадаргын усыг илрүүлэх өргөн хүрээтэй туршилт явуулахаар төлөвлөж байна.

No comments:

Post a Comment