Халхын голд манайхан оросуудтай нийлж байгаад самурай нарыг бут ниргэсэн гэх ойг тунчиг сүртэй тэмдэглэлээ.
Ямар ч байсан бид Япон руу дайраагүй, тэд орж ирсэн нь гарцаагүй үнэн юм. Харин ялсан, ялагдсаны тухайд эргэлзмээр юм бий. Наад зах нь гэхэд Орос, Монголын цэргүүдэд хүний нутаг дээр бут ниргүүлж, америкчуудад өөрийнхөө газрыг үнсэн товрог болтлоо бөмбөгдүүлсэн гэх япончууд маниасаа хэд дахин их хөгжжээ. Харин ялсан баатар Орос, Монгол хоёр өнөөдөр ямар байгаа билээ. Хоёулаа олон жил энэ баяраа тэмдэглэн хундага өргөсөөр байгаад нэг мэдсэн чинь хамгийн адгийн хөгжилтэй орны тоонд орчихсон цохиж явав. Ингээд нэг өглөө сэрсэн чинь бид ялагдсан ч юм шиг бодол төрөөд болдоггүй дээ.
Ямар ч байсан ялсан монгол өвгөн ялагдсан япон өвгөний өгсөн цагаан будааны хүчээр өлбөрч үхэлгүй шиг зах зээлийг арай чүү давав. Ялагдсан япончуудын бараа таваар ялсан монголчуудын бурхны авдар дээгүүр ярайж эхэллээ.
Ялагдсан япончуудын хийсэн машин, ялсан монгол баатруудын хөл дүүжлэх ганц унаа болов. Тэр ч бүү хэл, ялсан монгол баатруудын үр сад яавал ялагдсан япончуудын эх оронд очиж иргэн нь болох вэ гэхээс мэдрэлийн ядаргаа тусч эхэлжээ.
Эдгээртэй зэрэгцээд дайнд навсайтлаа ялагдсан япон цэргүүдийн булш Дамбадаржаагийн хавьд улам өнгө ороод байх юм. Гэтэл дайнд навсайтал ялсан монгол баатруудын булш Халхын голд хөрзийж зэвийгээд нэг л дүнсгэр. Мөн дайнд ялагдсан Японы иргэн манай архинд хордоод үхэхэд бид эгэээтэй л төрийн далбаагаа бөхийлгөх шахан хүндлэх аж. Гэтэл дайнд ялсан хамгийн сүүлчийн баатар Н.Жамбаагаа алаг үрс нь үүр шөнийн заагаар чимээгүйхэн хөдөөл үүлж харагдсан билээ.
Дайнд ялагдсан Япон орон дайнд ялагдсан цэргүүдээсээ амьд үлдсэнийг нь насан туршид нь амьдрах байр, идэх хоолоор нь хангажээ. Гэтэл дайнд ялсан Монгол Улс ялалт авчирсан баатрууддаа одоо л зөвхөн байр өгөх тухай шийдвэр гаргаж байх юм. Дайнд ялагдсан Япон дөнгөж саяхан дайнд ялагдсан Хиро Онода гэдэг цэргээ 30 жил Тайландын ширэнгэнд ганцаараа тулалдсаны нь төлөө эдлэн газар, эдэлж хэрэглэх бүх юмаар нь хангаж байх аж. Харин манай дайнд ялсан монгол баатрууд энэ төрдөө гологдоод арга ядахдаа Баасан авгайн партизан цэрэгт элсэн хөндий байшин манаж харагдах юм.
Дайнд ялагдсан япончууд дайсан монголчуудад олзлогдсон цэргүүдээ аврахын тулд чадах бүхнээ хийж байв. Тэгвэл дайнд ялсан монголчууд дайсан япончуудад бүслэгдсэн цэргүүдээ хардаад шоронгийн хадаас болгон, бууны аман дээр аваачиж байлаа.
Өнөөдөр дайнд ялагдсан япон өвгөн сардаа манайхаар бол нэг сая шахам төгрөгийн тэтгэлэг авч байгаа бол дайнд ялсан монгол өвгөн сардаа 180 мянган төгрөг гар дээрээ авч буй. Тэрчлэн дайнд ялсан япон өвгөн төрөөсөө бөөн мөнгө бүхий хадгаламжийн дэвтэр гардаж байхад дайнд ялсан монгол өвгөн 70 жилийнхээ ойгоор нэг нэг төмөр тэмдэг зүүгээд гэртээ харилаа. Ят энэ үед зурагтаар дайнд ялсан Монголын Засгийн газар дайнд ялагдсан Японоос мөнгө зээлсэн тухай ярьж байх юм. Мөн дайнд ялагдсан Япон эдийн засгийн хямралаа гэтлэн давлаа гээд дэлхийн мэдээллийн агентлагууд ар араасаа зарлах аж. Ингэхэд бид ер нь яасан ойгоо тэмдэглээд байгаа хүмүүс вэ хө.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment