Tuesday, October 20, 2009

Самоа цунамид дайруулав

Номхон далайн Самоа аралд болсон цуврал цунами 82 хүний аминд хүрч, олон арван тосгоныг усанд автуулж сүйдэлсэн тухай албаны хүмүүс өчигдөр мэдэгдэв.
АНУ-ын эзэмшил болох Амери­кийн Самоаг Цагаан ордны тэргүүн гамшгийн гол бүсээр зарлан, цунамийн үр дагаврыг арилгах ажилд тусламж үзүүлэхийг холбогдох албаддаа үүрэг болголоо. Энэ дагуу Америкийн цэргийн тээврийн С-130 нисэх онгоц Хонолулугаас Номхон далайн өмнөдийг зорихоор бэлтгэж эхэлжээ.


Америкийн Самоагаас гадна арлын баруунтаа байрлах Баруун Самоа ч гамшигт өртсөн аж. Тус тусдаа засаг захиргаатай Америкийн болон Баруун Самоад цунами дэгдэх нь гэсэн сэрэмжлүүлгийг орон нутгийн радиогоор зарлаад гурван минут өнгөрөөд байтал далайн хүчит түрлэг Америкийн Самоагийн нийслэл Паго-Паго, зүүн эргийн тосгод, амралтын газруудыг нөмөрч эхэлснийг нүдээр үзсэн хүмүүс хэлжээ. Цунамийн давалгаа далайн усны ердийн түвшнээс 1.5 метр өндөр байсан гэж Цунамигаас сэрэмжлүүлэх Номхон далайн төв мэдэгдэв. Давалгааны өндөр дөрвөн метрт хүрсэн гэх мэдээлэл ч байна.

Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас дээрх хоёр улсын оршин суугчид, гадаадаас ирсэн жуулчид эрэг дагуух сууц, амралтын бүсээс өндөрлөг газруудад дайжжээ. Гэмтсэн хүний тоо 145-д хүрлээ.

Самоатай хөрш арлын Тонга улсын умард эргээр дөрвөн метр өндөртэй цунами үүсч, зургаан хүн амь үрэгдсэн байна. Үүний өмнө лхагва гаригийн үүрээр Самоагийн бүлэг арлын орчим далайн гүнд 8.0 магнитудын газар хөдлөлт болсны дараа Шинэ Зеландын эрэгт жижиг цунами үүсгэн, Номхон далайн өмнөд хэсгийн арлын усны түвшинг ихэсгэсэн аж. Эхний чичирхийлэлт мэдрэгдсэнээс гурван цаг хүрэхгүй хугацааны дараа цунами эрэгт хүрсэн байна.

Японы зүүн эрэгт багавтар цунами үүсч болзошгүй буйг тус улсын цаг уурчид сэрэмжлүүлснийг Ройтер дамжуу­лав.
Энэтхэгийн далайд 2004 оны арванхоёрдугаар сарын 26-нд дэгдсэн цунами түүхэнд хамгийн их хохирол дагуулж, дэлхийн 11 орны 230000 иргэн амиа алдсан юм.

No comments:

Post a Comment