Tuesday, October 20, 2009

Ираны зүүн өмнөд нутагт террор үйлдэв

ТЕГЕРАН. /Франс Пресс/. Ираны зүүн өмнөд нутгийн Сарбаз хотод /Белужистан муж/ бөмбөг дэлбэрснээр 49 хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн шархаджээ. Хэт даврагч үзэлт «Аллахын цэргүүд» гэдэг бүлэглэлийн амиа золиослогч этгээд бөмбөгийг дэлбэлсэн байна.
Тэр Систан-Белужистан мужийн суннит, шиит омгийнхны ахлагч нарын бага хурал болж байсан танхимд нэвтрэн орж амжжээ. Бага хуралд Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын хэсэг захирагч оролцож байсан байна. Тухайлбал зургаан захирагч, түүний дотор Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын хуурай замын цэргийн командлагчийн орлогч генерал Нурали Шуштари, зүүн өмнөд хилийн тойргийн командлагч генерал Мохаммад-заде нар амь үрэгджээ. Хүндээр шархадснаас болж омгийн хэд хэдэн ахлагч амь насаа алдсан байна. Хэт даврагч үзэлт «Джунд Алла» /»Аллахын цэргүүд»/ бүлэглэл уг террорыг үйлдсэнээ хүлээлээ гэж Ираны телевизээр мэдээлжээ. «Суннитын босогчид» уг дэлбэрэлтийг үйлдсэн хэмээн Ираны телевиз нотолж байна. Энэ нь сүүлийн үед болсон хамгийн ноцтой зэвсэгт халдлага юм гэж хиймэл дагуулын телевизийн «Аль-Жазира» суваг мэдээлжээ. Межилисийн /парламент/ дарга Али Ларижани Сарбаз хотод үйлдсэн террорын ажиллагааг Иранд шиит, суннитуудын хооронд хямралдаан өдөөн турхирах гэсэн «хорон санаат үйлдэл юм» гэж тодорхойлсон байна. Энэ зэвсэгт өдөөн хатгалга «лалын бүгд найрамдах улсын дайснуудын санаархлын илрэл мөнөөс мөн» гэж тэр онцлон тэмдэглэжээ. Ларижани мэдэгдэлдээ Пакистантай хиллэдэг нутгууд дахь засгийн газрыг эсэргүүцэгч бүлгүүдийг дэмждэг АНУ, Британийн тусгай албад энэ террорын ажиллагаанд холбогдолтой хэмээн дурдсан байна. Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын төлөөлөгч АНУ, Их Британийг Сарбаз хотод үйлдсэн террорт холбогдолтой хэмээн бас буруутгажээ. Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын эсрэг террорыг АНУ буруушаагаад, уг өдөөн хатгалгад холбогдолтой мэтээр таамаглаж буйг эрс няцаав. «Террорын энэ ажиллагааг бид зэмлэн буруушаахын хамт, энгийн иргэд амь үрэгдсэнд харамсаж байгаагаа илэрхийлж байна» гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Иэн Келлийн бичгээр тараасан мэдэгдэлд дурджээ. «Болсон хэрэг явдалд АНУ оролцсон мэтээр таамаглаж байгаа тухай мэдээ огт үндэслэлгүй юм» гэж баримт бичигт тэмдэглэсэн байна. Сарбаз хотод үйлдсэн террорын ажиллагааг зохион байгуулагчдыг илрүүлж, хатуу цээрлүүлэн шийтгэх болно гэж Лалын Бүгд Найрамдах Ираны Улсын Аюулгүй байдлын зөвлөл мэдэгджээ.

No comments:

Post a Comment