Tuesday, October 20, 2009

Дэлхийд 100 удаа дээд амжилт тогтоосон анхны хүн

АНУ-ын иргэн Ашрита Фурман дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг “Гиннес”-ийн номд 100 дээд амжилтын эзнээр бичигдсэн анхны хүн боллоо. Түүний 100 дахь амжилт “Хамгийн олон хэлээр уншсан утга зохиолын бүтээл” гэсэн төрөлд бүртгэгджээ.



Ашрита 100 гаруй хүний хамт яруу найрагч Шри Чинмойн зохиосон “Precious” (үнэлж баршгүй) шүлгийг 111 хэлээр уншсан байна. Нью-Йорк хотын захиргааны дэргэдэх цэцэрлэгт болсон тус арга хэмжээнд хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн Жеймс Ф Женнаро, “Гиннес”-ийн дэлхийн дээд амжилтыг бүртгэгч шүүгч Дэнни Гиртон нар оролцжээ. Оролцогчид “Precious” шүлгийг эртний санскрит хэлээс эхлээд зулу, зонгха, хятад, орос зэрэг хэлээр дараалан уншсан байна. Сонирхуулахад, шүлгийн монгол орчуулгыг Монгол улсын иргэн Л.Гомбосүрэн уншжээ. Ашрита шинэхэн амжилтынхаа тухай “Нью-Йорк хотод 170 гаруй үндэстний төлөөлөгчид амьдран суудаг. Зуу гаруй хэлээр уншсанаараа олон үндэстэн ястан аж төрдөг энэ их хотын шинжийг илэрхийлэхийг хичээсэн” гэжээ. Түүний зарим амжилт хүч тэнхээ шалгасан хүнд хэцүү сорилт байсан гэнэ. Харин 100 дахь дээд амжилтаа Шри Чинмойн дурсгалд зориулжээ. Ашритагийн амжилтууд сүүлийн 30 гаруй жилийн турш “Гиннес”-ийн номд бүртгэгдсэн байна. “Гиннес”-ийн дэлхийн дээд амжилтын номын ерөнхий редактор Крэйд Гленэй түүний амжилтын тухай “Ашритагийн сүүлийн амжилт өөрийнх нь төдийгүй “Гиннес”-ийн номын хувьд гайхамшигтай сайхан үйл явдал” гэжээ. Ашрита Фурман Нью-Йорк хотын нэгэн хүнсний дэлгүүрт менежерээр ажилладаг бөгөөд 1979 оноос хойш “Гиннес”-ийн олон төрөлд дээд амжилт тогтоосон байна. Анх 27 мянган удаа дээш үсэрч дэлхийн дээд амжилт тогтоосон бол бүх тивээр аялахдаа бусад дээд амжилтаа тогтоосон аж. 2007 онд манай Монгол оронд ирэхдээ хөлдөө шуудай углан дэвхэрч сарлагтай уралдан миль буюу 1.6 километрийг хамгийн богино хугацаанд туулж ээлжит амжилтаа тогтоож байжээ.

No comments:

Post a Comment